Солонгос орныг өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжихөд нь нэгэн үеийн золио шаардагдсан байж таараа. Тэдгээр золионы хүмүүсийг түүчээлэх Ким Ү Жүн, өнөөгийн солонгосын ерөнхийлөгч И Мён Баг нарын номыг уншаад “хөдөлмөрч зан чанар л гагцхүү хүнийг хувь заяаных нь ялагч болгодог” гэдэгт хатуу итгэж билээ. Бидний ихэнхид солонгос хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, сул дорой санагддаг байж магадгүй, харин би хувьдаа тэднийг тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чаддаг, дайчин хүмүүс гэж үнэлдэг. Чухамдаа “өөрийн биеийг захирч чадсан нь, их хүмүүнд тооцогдох” болов уу.
Эрх мэдэл хүнийг эвддэг. Иймд хязгааргүй эрх мэдэл хүнийг хязгааргүй эвдэх болно. Жаахан ч болов олсон эрх мэдэлдээ дулдуйдан хүнд суртал гарган, хувийн ашиг хонжоог урьтал болгох нь хүний зан хэмээн бид “байгаагаа” хүлцдэг. Гэвч дандаа тийм биш ажээ. Улс орон, түмэн олноо хөгжүүлэн, өөрчлөлт шинэчлэлтийг хийх гэж л төрсөн гэмээр өндөр ёс суртахуунтай хүмүүн бас байх юм. Тэдгээр “төрцөн хүмүүс”-ийг түүчээлэх Ли Гуан Яао-ны буурай орноос бусдын манлайд Сингапурыг хөтөлсөн түүхийг уншаад “аливаа өөрчлөлтийг ул суурьтай хийх хэрэгтэй агаад хийх арга нь өөрийн орны онцлогийг онцгойлон харгалзсан байх учиртай” гэдэгт ихэд үнэмшиж билээ. Гайхам өөрчлөлтөд хүрэх үндсэн нөхцөл нь засагласан шиг засаглаж чаддаг засаг төртэй байх явдал. Иймд “сайн, муу ч бай улстөрчиддөө итгэж чаддаг нь, жинхэнэ иргэнд тооцогдох” болов уу.
Хотынхоо гудмаар тэрэг дүүрэн ном түрчээд шавар туучан урагшлах залуу хархүү өнөө цагийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орны үндэс суурийг тавилцах тавилантай гэдгээ тэр үед зүүдлээ ч үгүй явсан байх. Асуудал дүүрэн байна гэж гомдоллож суухын оронд түүнийг шийдэхийн төлөө ухаан бодлоо харамгүй чилээдэг “зохион бүтээгч”, “нийгмийн зүтгэлтэн”, “бизнесмен” мөн Анхны америк хүн гэгдэх Бенжамин Франклины намтарыг уншаад “Зарчимдаа үнэнч хүн цаг хугацааны эрхээр хүлээн зөвшөөрөгддөг” гэдгийг ухамсарлаж билээ. Биднийг тойрон эргэж буй бүхэнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь эргээд бидний амьдралын өнгийг тодорхойлдог гэж ойлгодог. Үнэндээ “Юуг ч үл ажрах хүчирхэг ертөнцийг дотроо бүтээн түүгээрээ бусдыг гэрэлтүүлдэг нь, үлгэр жишээ хүмүүнд тооцогдох” нь лавтай.
No comments:
Post a Comment