Thursday, March 7, 2013

Ц.Оюунгэрэлийн "Америкт суралцсан тэмдэглэл" номын урамтай бас бурамтай хэсгүүд

1. Мөрөөдөлтэй бай. Мөрөөдөлгүй бол амьдралд таарах алтан боломжийг алдсаар байх болно. Гэхдээ оройтсон мөрөөдөл нь огт мөрөөдөлгүйгээс дээр. 

2. Өөрөөрөө бай. Өөрийн гэсэн үнэнээрээ байснаар нэг хэсэгтээ алдаж болно. Гэвч цаг хугацаа цаашлах тусам өөрийнхөөрөө байсан хүн л бусдад илүү ойлгомжтой болж, хүмүүс түүнд итгэдэг. 

3. Өөрийгөө зөвхөн өөрийнхөө өчигдөртэй л харьцуул. 

4. Өөрийнхөө төлөө өөрөө санаа тавь. 

5. Өөртөө итгэ. Өөрийгөө ямар ч хүнтэй эн зэрэгцэх нэр төртэй гэдгээ бүү март. Мехсикийн тариачин, Францын дизайнер, Америкийн фермийн эзэн, Монголын малчин гээд л шударгаар хөдөлмөрлөж байгаа бүх хүний нэр төр ижил хэмжээнд байдаг. Харин тэдний олох хөрөнгө чинээ ялгаатай боловч энэ нь зэрэг зиндааг тодорхойлох ялгаа огт биш юм. Хэрэв чи болоод гэр бүлийнхэн чинь шударгаар ажиллаж амьдардаг бол, хэрэв чиний зорилго тодорхой бөгөөд хүнлэг бол чамайг ойлгох, дэмжих олон хүмүүс, байгууллага байгаа гэдэгт итгэ. 

5. Эрх, эрх чөлөөгөө мэдэж ав. Хэн ч чамайг доромжлох, гутаах ёсгүй. 

6. Аав ээжийгээ ямар ч тохиолдолд буруушааж үл болно. 

7. Хэрэв мөнгөний эрэлд гарсан бол зам тааралдах бүхий л ажлын үнэмлэхүй ихэнхийг өөрөө нугал. Хэзээ ч бүү залхуур. Чамд туслахаар санаа тавьж байгаа хүмүүсийг жижиг сажиг ажлаар дарж огт болохгүй. Тэд зөвхөн чиний хийж чадахгүй зүйлд л цагаа зарцуулсан нь дээр. 

8. Алхам тутамдаа баярлалаа гэдгээ мартахгүй хэлж бай. Хэн ч чамд хайран цагаа зарцуулах огт албагүй. 

9. Хүсэл мөрөөдөл, хэрэгцээ шаардлага байгаагаа бусадтай хуваалцаж бай. 

10. Монгол хүн гэдгээрээ бахархаж, хор шартай, зориг тэвчээртэй яв. Бахархаж байгаа нь энэ гээд өөрийгөө "Чингисийн удам" энэ тэр гэж гайхуулах нь зохимжгүй. 
...та өөрөө хэн бэ гэдэг нь л сонин болохоос та хэний удам бэ гэдгээр нь үнэлэхгүй. 

Monday, January 14, 2013

"Пак Жөнхый - Солонгосын сэргэн мандалт" номын тэмдэглэл


"Эдүгээ бидний өмнө шинэ түүхийн үүр цайж байна. Энэ бол ядуурлын бус хөгжил цэцэглэлтийн түүх, бусдаас хараат бус бие дааж хөгжихийн түүх, хуваагдлын бус нэгдлийн түүх. Энэ бол үнэхээр сэргэн мандалтын гал бадран асч эхэлсэн түүх" Пак Жөнхый

ПАК ЖӨНХЫЙ ЗОРИЛТОО ДЭВШҮҮЛЭВ
1961 оны 5 сарын 16-нд Цэргийн хувьсгалт эргэлт хийхдээ 5 зүйлийн амлалт өгсөн юм. Эдгээр "Хувьсгалын 5 зорилт"-ыг хураангуйлбал:
1. Нийгмийн хүнд бэрхшээлийг арилган иргэдийн амьдралыг сайжруулах
2. Эдийн засгийн хувьд бие даах
3. Хойд Солонгостой хийх өрсөлдөөнд ялах 

ДЭЛХИЙ ХАМГИЙН ЯДУУ ОРОН
Солонгосын дайн дуусч, Гал зогсоох гэрээ байгуулсны дараа Өмнөд солонгосын дайны дараах сэргээн босгох ажилд АНУ туслан, Солонгосын ард түмнийг тэжээж байжээ. Тэжээж хэмээн онцолж буй шалтгаан нь жил бүр АНУ-с өгөх тусламжийн мөнгөөр Солонгосчууд хүнс, нефть, эм, барилгын материал, тоног төхөөрөмж зэрэг амин шаардлагатай бүхнээ гаднаас импортлодог байжээ. Жишээ нь: 1960 оны Өмнөд Солонгосын эдийн засгийг авч үзвэл 32 сая долларын бүтээгдэхүүн экспортолж, 343 сая долларын бүтээгдэхүүн импортолсон байдгийг харьцуулбал худалдааны алдагдал 10:1 хэмжээнд хүрэн эдийн засгийн хувьд дампуурсан орон болсныг харуулж байна. Харамсалтай нь жил бүр АНУ-ын өгөх тусламж буурсанаар Өмнөд Солонгосын эдийн засаг улам бүр доройтож, улс орны хэмжээний хямрал сүйрэл болох нь гэсэн түгшүүр тархан байлаа. 1961 онд Японы Засгийн газраас Өмнөд Солонгосын эдийн засгийн тухай дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд: 
"Өмнөд Солонгосын эдийн засаг 
1. Хүн амын хэт өсөлт
2. Байгалийн баялагийн хомсдол
3. Аж үйлдвэр хөгжөөгүй
4. Цэргийн зардлын хүнд дарамт
5. Улс төрийн ядмаг хөгжил
6. Хөрөнгийн дутагдал
7. Төрийн захиргааны чадавхи сул зэрэг хүнд асуудлууд тээж буй бөгөөд эдийн засаг нь өсч хөгжих, бие даах НАЙДВАРгүй" гэсэн байв. Солонгос орон тийнхүү ирээдүйгүй орон байсан ажээ.    

АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ АЯН
1. Өмнөд Солонгосын ахмад туршлагатай иргэний удирдагчдыг нийтэд нь хамруулсан "Улс орныг Сэргээн босгох төлөвлөлтийн хороо"-г байгуулж, "Хувьсгалт Засгийн газар улс үндэстэн, ард түмний төлөө цаашид юу хийвэл зохистой вэ?" гэсэн сэдвээр тэднээс зөвлөмж хүссэн. Уг хороо олон сэдвээр удтал хуралдсаны эцэст "Эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан, эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэй зөвлөмж гаргажээ.
2. Хувьсгалт Засгийн газар Худалдаа Үйлдвэрийн Яам зэрэг бүх яам газруудад эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах тушаал өгснөөр яам, газар бүр уг ажлыг хариуцсан хэлтсүүд гарган төлөвлөгөө боловсруулах ажилдаа шамдан оров. 
3. Эдийн Засгийн төлөвлөлтийн хүрээлэн байгуулагдаж яам газар тус бүрийн боловсруулан бэлдсэн "микро" маягийн төлөвлөгөө "макро" төлөвлөгөө болгон нэгтгэн дахин эмхэтгэж албан ёсоор зарлан нийтэлсэн. 
4. Хувьсгалт Засгийн газар хувийн хэвшилд тулгуурлан эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бодлого барьж байсан тул Бизнес эрхлэгчдийг төлөвлөгөөнд оролцох хүсэлт тавьсан бөгөөд бизнесменүүд ч идэвхитэй хамтран ажиллахаа мэдэгдээд "Эдийн засгийн Сэргээн босголтыг дэмжих хороо"-г байгуулсан. Сүүлд "Солонгосын бизнес эрхлэгчдийн нийгэмлэг" гэж нэрээ өөрчилжээ. 
5. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжгүй, дайны эрсдэлтэй орон(War Risk Country) гэсэн ангилалд орсон байсан тул БНСУ-д мөнгө зээлдүүлэх хүсэлтэй санхүүгийн байгууллага дэлхийн хаан ч байсангүй. Хувьсгалт Засгийн газраас хувийн хэвшлийн гадаадаас олсон зээлэнд баталгаа гаргана хэмээн хууль батлаад ч амжилт олсонгүй, мөнгө босохгүй байв. Тухайн үед Пак Жөнхый ерөнхийлөгч баруун германд Рейн мөрний гайхамшигтай танилцахын зэрэгцээ, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх зээллэгэ хүсэх зорилгоор айлчлав. Баруун германы Ерөнхийлөгч Любке уриалгахан хүлээн авч, улс орныхоо томоохон бизнесийн бүлэглэлүүдийг уриалан "Өмнөд солонгос бол бидний адил хуваагдлын зовлон үзсэн, ижил хувь тавилантай улс" хэмээн тусламжийн гараа сунгав.      

ХАН МӨРНИЙ ГАЙХАМШИГ
Уриа: "Хийвэл бүтдэг. Солонгос хүн үүнийг хийж чадна." 

Зорилт: Экспортыг нэн тэргүүнд тавих үе (1964-1970 он) -д 1 тэрбум долларын экспорт хийх зорилт дэвшүүлэн, жил бүр экспортыг 40%-иар өсгөх 
Үр дүн: 1964-1970 оны хооронд БНСУ-ын экспорт жилд дунджаар 41,9% өссөн

Зорилт: Аж үйлдвэрийн бүх салбарыг экспортын чиг зориулалттай болгох үе (1973-1980 он) -д 10 тэрбум долларын экспорт хийх зорилт дэвшүүлэн, жил бүр экспортыг 40%-иар өсгөх 
Үр дүн: 1971-1979 оны хооронд БНСУ-ын экспорт жилд дунджаар 39,8% өссөн. 

Солонгос хүний итгэл үнэмшил: "Хийж бүтээх гэж зорьвол бүтдэг юм байна. Бид ч гэсэн хийж чадах юм байна."

16 жилийн турш жилийн дундаж өсөлт 40% байсан нь дэлхийн хэмжээнд урьд хожид байгаагүй үзэгдэл тул  "Гайхамшиг" гэж хэлж болох үр дүн байжээ. 

ХУВИЙН ДҮГНЭЛТ
  • Удирдагч. Пак Жөнхый бол Өмнөд солонгосын түүхэн дэхь хамгийн агуу ерөнхийлөгчид тооцогддог. Тэр бол орчин үеийн солонгос орныг бүтээгч. Номын зохиогч Пак Жөнхый ерөнхийлөгчийн хувь хүний зан төлвийн бараг бичээгүй хэдий ч миний анзаарсанаар "бусдыг их сонсдог" хүн болох нь ажиглагдлаа. Тухайн үед түүний үг "тушаал" байсан бөгөөд солонгосын хэн болов ч тэрсэлж чадахгүй байдал нь дарангуйлагч хэмээн шүүмжлүүлэхэд хүргэжээ. 
  • Экспортонд тулгуурласан хөгжлийн стратеги. Энэ бол улс орон хөгжихийн тулд экспорт хийх хэрэгтэй гэдэг улс төрийн хоосон лоозон биш. Яагаад гэвэл Пак Жөнхый ерөнхийлөгч, солонгосын ард түмэн энэхүү зорилгод чин сэтгэлээсээ итгэж чадсан учраас энэхүү хөгжлийн стратеги өөртөө асар их хөдөлгөгч хүчийг агуулсан юм.   
  • Технократ төр. Төрийн үйл ажиллагааг улс төрч биш, мэдлэгтэй мэргэжлийн хүмүүс удирдахыг хэлнэ. Улс орны хөгжилд төрийн үүрэг оролцоо чухал, ялангуяа тухайн үеийн солонгос нь State Guided capitalism буюу төр өөрөө манлайлагчийн байр суурьнаас улсын эдийн засгийг удирдах гэж оролдож буй учир шилдэг хүмүүсийг төрийн ажилд хэрэглэхээс өөр аргагүй байв. Энэ тухай дэлгэрүүлж судлахыг хүсье. 
  • Том корпораци. Samsung, LG, Hyundai, Daewoo зэрэг солонгосын нэрийн хуудас болсон үндэстэн дамнасан корпорациудыг Пак Жөнхый ерөнхийлөгч бойжуулсан гэж хэлэхэд болно. Морган Стэнли, Голдман Сакс зэрэг дэлхийн хөрөнгө оруулалтын банкнууд Солонгосын "жижиг орны том бизнес төрүүлэх" стратегийг үлгэр жишээ хэмээн мэдэгджээ. Эдгээр аварга компаниуд л солонгосын ард түмний өмнө та бидний, дэлхий нийтийн хэдэн борыг сэгсрэх үүрэг хүлээсэн шүү дээ.   
  • Ёс суртахуун, дэг журамтай ард түмэн. Хөдөлмөрийг тахин шүтэх, эв нэгдэлтэй байх үзэл санаа өмнөд солонгосын хөгжлийн амин сүнс юм. Пак Жөнхый ерөнхийлөгчийн үеийн солонгосын үсрэнгүй хөгжлийг зарим судлаачид дайны үйл ажиллагаатай адилтгадаг. Тухайн үеийн ихэнх сургуулиуд хагас цэргийн зохион байгуулалттай байв. Өглөө бүр оюутнууд, ажилтанууд, солонгосын ард түмэн "Хийвэл бүтдэг. Бид чадна." хэмээн уриагаа чангаар хэлэн оноогдсон ажилдаа ордог байжээ.  

Ухаалаг ард түмэн гэдэг бэрхшээлийг чин сэтгэлээсээ шийдвэрлэхийг зорьж буй нэгэнтэй хамт байж, хувийн ашиг завшааны төлөө "хямрал" үүсгэгчээс хол байдаг. Пак Жөнхый   

2013.01.15